Мобиком



Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсад амин чухал харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийн шинэ гарцуудыг нээсээр ирсэн билээ. 


  • Эрхэм зорилго: Бид харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж, Монгол Улсынхаа хөгжлийн тулгуур болсон манлайлагч байгууллага байна.

  • Алсын хараа:  Урсах амьдралыг холбоно.

  • Үнэт зүйлс:

    • ХЭРЭГЛЭГЧ: Бидний хийж байгаа ажил бүхэн ямагт хэрэглэгчийн төлөө байна.

    • ХЯЛБАР ХЭРЭГЛЭЭ: Манай үйлчилгээ хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн байна.

    • ХАРИУЦЛАГА: Бид ажилдаа эзний ёсоор чин сэтгэлээсээ хандаж, хэлсэндээ заавал хүрдэг, өндөр хариуцлагатай байна.

    • ҮР ДҮН: Бид зорилгоо биелүүлж, үр дүнд хүрнэ.



Mобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй

Мобиком Корпораци нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан, Монгол Улсын хүн амын тал хувийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Манай компани нь 2014 оны хоёрдугаар хагаст 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр хийж, хэрэглэгчиддээ хамгийн сайн харилцаа холбооны үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байна.  

Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь үүрэн холбоо, улс хоорондын холбоо, интернэт, сансрын холбоо болон сүлжээний дэд бүтэц гэсэн үндсэн үйлчилгээг байгууллага болон хувь хэрэглэгчдэд тасралтгүй, найдвартай байдлаар хүргэж байна.


  • Мобиком Корпораци нь 2011 онд Монгол Улсын Мэдээлэл харилцаа холбооны салбарын байгууллагууд дотроос анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлэн, өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Мөн хувийн хэвшлийн шилдэг менежмент, техник технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг Лавлагаа мэдээллийн төвөөрөө хүлээн авч, хотын удирдлагуудын шийдвэр гаргах түвшинд саналыг хүргэж, нийгмийн даатгалын лавлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдэд ойртуулах тал дээр амжилттай хамтран ажиллаж байна. Дэлхийд тэргүүлэгч чанарын стандартын байгууллага болох Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) Мобиком Корпорацид Олон улсын чанарын менежментийн сертификатыг дахин олголоо. Мобиком Корпорацийн ISO 9001:2008 гэрчилгээ 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дахин 3 жилийн хугацаатайгаар сунгагдаж байна.


  • Мобиком Корпорацийн хэрэглэгчид дэлхийн 176 орны 500 орчим операторын роумингийн сүлжээнд өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжтойн дээр, 240 улс руу олон улсын 003 шууд гарцаар гадаад дуудлага хийх боломжтой. Мөн хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ зориулан iPhone, Samsung, Nokia, Blackberry, Sony брэндийн гар утсыг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд борлуулдаг.


  • Мобиком Корпораци нь өөрийн үндсэн сүлжээгээ дэлхийн хөдөлгөөнт холбооны системд хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг GSM системийн сүүлийн үеийн тоон технологийн тоног төхөөрөмжөөр тоноглож, бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд Alcatel, Comverse, Ericcson, NEC, NTT, Cerillion, AT&T, Comfone, MACH зэрэг дэлхийн нэр хүндтэй компаниудтай түншилж ажилладаг нь хэрэглэгчиддээ чанартай сайн үйлчилгээ хүргэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх баталгаа болдог гэж хэлж болно.